Та хүүхдээ хэрхэн “эрхлүүлдэг” вэ?
1. Хүссэн бүхнийг нь авч өгөх. Хэт зоргоороо өссөн хүүхэд өөрийн ач холбогдлыг өөрт нь авч өгсөн эд зүйлийн хэмжээнд үнэлдэг.Хүслийг нь биелүүлэхгүй бол сургуульдаа явахгүй, хоол идэхгүй гэх мэтийн араншин гаргадаг. Хүүхэд өөрөө бүх зүйлийг шийдэх бөгөөд өөрсдийхөөр нь байлгаагүй бол уурлаж, хамаг юмаа шидлэх, савж унах гэх мэтээр бүх хүчээрээ “тэмцэж” байгаад санасандаа хүрдэг. Зан байдал судлаачид энэ тохиолдолд эцэг эх аргадах нь тэдний энэ үйлдлийг урамшуулж байгаа хэрэг гэж үздэг. Харин энэ байдлыг нь огт анзааралгүй хэсэг тэвччихвэл хүүхдийн энэ араншин аяандаа засарч эхэлдэг.
2. Бүх үйлдлийг нь зөвшөөрөх. Хүссэн бүх зүйлийг нь авч өгөөд байхгүй боловч юу ч хамаагүй хийж байгааг нь эцэг эхүүд зөвшөөрөх нь эрхлүүлж байгаа бас нэг хэлбэр билээ. Үүнийгээ хүүхэд өөрийгөө илэрхийлэх боломж гэж үздэг. Тоглоомоо энд тэнд тарааж, гэрийн тавилга, ханан дээр юм зурах, эрээчих, гэртээ орж ирэх, гарах цаг гээд л бүхнийг хүлээн зөвшөөрдөг. Тийм хүүхдүүдийнхээр болж байгаа буруу зүйл болгон өөрийн биш, хэн нэгний буруу байдаг. Энэ тохиолдолд хүүхэд өөртөө хариуцлага хүлээх чадваргүй болон өснө.
3. Хэт “захиргаадах”. Эцэг эхүүд юу хийхийг бүгдийг нь хүүхдэдээ заана. Ж: “чи тэр охинтой битгий тогло, харин тэрэнтэй тогло” эсвэл “урлаг хөөгөөд дэмий, амьдралд чинь ямар ч хэрэг болохгүй” гэх мэтээр бүхий л асуудалд нь оролцдог. Хармааны мөнгөтэй яаж харьцах, юунд зарцуулах гээд л өдөр тутам амьдралд нь тохиолдох бүх зүйлд зааварчилгаа өгнө. Ийм хүүхдүүд өөртөө итгэлгүй, өөрийн гэсэн үзэл бодолгүй болдог. Үргэлж өөрт нь туслах, зааж зөвлөх хүний хэрэгцээтэй болно. Харин том болохоороо эцэг эхийнхээ эсрэг ил, далдаар тэмцэж эхлэх нь олонтаа тохиолддог.
4. Хэт анхаарал тавих. Захиргаадуулсан хүүхэдтэй ойролцоо боловч ялгаатай зүйлүүд бий. Бүх юмаа заалгадаг хүүхэд бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэхээс айх айдастай болдог бол хэт халамжтай эцэг эхүүд учирч болох аюулыг ихэсгэж, түүнийг даван туулах чадварыг зохиомлоор багасгадаг. Ж: “битгий гүй, уначихна”, “гэрээсээ битгий холдоорой, төөрчихнө”, “харанхуйд битгий яв, муухай хүмүүс бий”, “танихгүй хүнтэй битгий ярь, аваад явчихна” гэх мэтээр харьцдаг. Ийм хүүхдүүд түгшүүр ихтэй, бэрхшээл даван туулах чадвар хомс болон өсдөг.
0 comments